Антарктид нь Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах тив (Өмнөд туйл) бөгөөд Өмнөд мөсөн далайгаар хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 14.4 сая км² бөгөөд нийт талбайн хэмжээгээр Ази, Африк, Хойд Америк, болон Өмнөд Америкийн дараа орно. Антарктидын гадаргуугийн 98% нь мөсөөр бүрхэгдсэн бөгөөд мөсний дундаж зузаан нь 1.6 км орчим.
Антаркид нь хамгийн хүйтэн, хуурай, хүчтэй салхилдаг, далайн түвшнээс дээш хамгийн их өргөгдсөн тив болно. [1] Эрэг орчмын нутгийг эс тооцвол маш бага хэмжээний хур тунадас унадаг бөгөөд тивийн үндсэн хэсэг нь цөл юм. Уг тивд уугуул оршин суугчид байхгүй бөгөөд цөөн төрлийн хүйтэнд тэсвэртэй оцон шувуу, далайн хав, хөвд, хаг, замаг зэрэг амьтан, ургамалтай.
Антарктид гэдэг үг нь ανταρκτικός гэсэн ("Арктикийн эсрэг" гэсэн утгатай) Грек үгнээс гаралтай.
Хамгийн өндөр цэг нь Винсони уул (д.т.д 5140м) юм. Антарктид тив Дэлхийн бөмбөрцгийн Өмнөд туйл Антарктикийн мужид оршино. Антарктик мужид тивээс гадна түүнийг хүрээлэн байгаа тэнгисүүд Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далайн хэсэг хамаарагдана.
Антарктикийн судалгааг дөрвөн үе болгон хуваадаг. Эхний гурван үед аливаа нэг улс орны шинжилгээний ангиуд өөрсдийн сонирхлоор явж судалгаа хийж байжээ. Дөрөв дэх үеийн судалгаа нь олон улсын хэмжээний хөтөлбөртэй явагдаж, Антарктидын эх газрын байгалийн байдалд тодорхой дүгнэлтийг өгч байна. Эхний (XVI зуунаас XIX зууны эх) үед Дэлхийн өмнөд этгээдэд эх газар байгааг тодорхойлон зарим арлуудыг нээж, газрын зурагт тэмдэглэжээ. 1501-1502онд Италийн Америго Веспуччи, Өмнөд Георг арал, 1739-1772 онд Францчууд Буве, Кергелен арлыг нээжээ. 1772-1775 онд Английн Ж.Кукын шинжилгээний анги Антарктидыг тойрон Өмнөд Георгийн аралд ойртон, Сандвичийн газар, Өмнөд Тулегийн арлыг, Английн У.Смит Өмнөд Шетланд арлыг нээсэн. -Дараах (XIX зуун) үед Антарктидын эх газрыг нээж, нэлээд олон эрдэм шинжилгээний ангиуд судалгаа хийжээ. Оросын далайчин Ф.Ф.Беллинсгаузен, М.П.Лазерев нар "Восток", "Мирний" хэмээх хөлөг онгоцоор 1819 онд Георг аралд хүрч, шинэ шинэ газар нээж I Петрийн арал, I Александрын газар гэх зэргээр нэрлээд, 1820 оны 1 сарын 16-нд Антарктидын эх газрыг хүн төрөлхтөний түүхэнд анх удаа нээв. 1820-1821 онд Англи, Америкийн ан олзворын хөлөг онгоцууд Антарктидын орчмоор аялж байснаас гадна 1831-1833 онд Английн Ж.Биско Антарктидыг тойронаялж, хэд хэдэн арал нээжээ. 1838-1842 онд Франц, Америк, Английн шинжилгээний гурван анги нэлээд газар нутгийг нээж, өмнөд соронзон туйлын байршлыг тодорхойлохыг оролджээ. Дараачийн 50 жилд ямар ч шинжилгээний анги очсонгүй. XIX зууны сүүлчээс эхлэн эндхийн хүйтэн тэнгист Шотланд, Норвеги, Бельги зэрэг орны хөлөг онгоцууд халим агнах болсон. -Гуравдахь (1900-1955 он) үед Антарктидын эрэг орчмын нутгийг судалснаас гадна газарзүйн өмнөд туйлд хүрсэн байна. Асар бэрхшээлтэй энэ зорилтыг Норвегийн Р.Амундсен, Английн Р.Скотт нар гүйцэтгэсэн юм. Р.Амундсен 1911 оны 8 сарын 14-нд Өмнөд туйлд хүрчээ. Р.Скотт Р.Амундсенээс 34 хоногийн дараа буюу 1912 оны 1 сарын 17-нд Өмнөд туйл хүрээд буцах замдаа амь үрэгджээ. 1928 онд Америкийн нисэх онгоц Антарктид хүрч, 1929-1950-д онд АНУ, Английн хэд хэдэн шинжилгээний ангиуд судалгаа хийж, мөсний тодорхойлолт гаргаж, зарим газраар уул нуруу нээжээ. -Дөрөвдэх (1955 оноос хойших) үеэс эхлэн олон улсын геофизикийн судалгаа хийгдэж 11 орны 57 станц Антарктид, түүний эрэг орчмын арлууд дээр байгуулагдан нутаг даяар иж бүрэн судалгаа ажиглалт хийх боломж бүрдүүлжээ. Эдгээр судалгааны баазууд дээр эрдэм шинжилгээний ангиуд ээлжлэн очиж судалгаа хийж байна. ЗХУ, одоогийн ОХУ тэнд "Мирный", "Оазис", "Пионерская", "Восток", "Комсомольская" станц байгуулж, тогтмол судалгаа хийж иж бүрэн хайгуул шинжилгээний ангиуд ажиллаж байна.1972-1973, мөн 1983-1984 онд ажилласан Өмнөд туйлыг судлах XVIII, XXVIII хайгуул эрдэм шинжилгээний ангиудад БНМАУ-ын мэргэжилтэн Ж.Цэрэндэлэг, Д.Чулуунбат нар оролцон, Антарктидад очиж судалгаа, шинжилгээний ажил хийсэн билээ. Орчин үеийн судалгааны явцад Антарктидын эх газрын тогтоц, гадарга, ашигт малтмал, мөсөн хучлагын байгуулалт, уур амьсгал, ургамал, амьтны аймаг судлагдаж, байгалийн орчин, хүний бие махбодод хэрхэн нөлөөлөх зэрэг олон асуудал шийдвэрлэгдэж байна.
No comments:
Post a Comment